/Төсөл/
                            МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
…. оны …  дугаар сарын … -ны өдөр              Улаанбаатар хот

                МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
                                 ЦЭЦИЙН ТУХАЙ

                          /шинэчилсэн найруулга/ 

                            НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
                         НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим, бүрэн эрх, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

2.1.Цэцийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1] /цаашид “Үндсэн хууль” гэх/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим

3.1.Цэц үйл ажиллагаандаа гагцхүү Үндсэн хуульд захирагдах, төвийг сахих, судалгаанд үндэслэх, бие даасан, ил тод байх үндсэн зарчмыг баримтална.

4 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх

4.1.Цэц Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.2.Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэдийн мэдээлэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэж дүгнэлт гаргана.

4.3.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

4.4.Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний өргөдлийн дагуу үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэнэ. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ 
ЦЭЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5 дугаар зүйл.Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага

5.1.Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.

5.2.Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:

5.2.1.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

5.2.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

6 дугаар зүйл.Цэцийн гишүүнийг томилох

6.1.Цэц есөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүх /цаашид “эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэх/-ийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

6.2.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд энэ хуулийн 6.4-д заасан танилцуулга, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ.

6.3.Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгохдоо Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийг тус тус баримтална.

6.4.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээс өмнө тухайн нэр дэвшигч Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан тухай танилцуулгыг таваас доошгүй ажлын өдөр цахим хуудастаа байршуулна.

6.5.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон өдрөөс хойш 14 хоногийн дотор, хэрэв чуулганы чөлөө цагт санал болгосон бол дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилох эсэхийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

6.6.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилохоос татгалзсан бол тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор энэ зүйлд заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгоно.

6.7.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан нэр дэвшигчийг шилж олох, ил тод байх, олон нийтийг болон мэргэжлийн байгууллагыг оролцуулах зэрэг асуудлыг зохицуулсан журмыг энэ хуульд нийцүүлэн баталж, цахим хуудастаа байршуулна.

7 дугаар зүйл.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа

7.1.Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхлэх бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусаж Улсын Их Хурал дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.

7.2.Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

7.2.1.нас барсан;

7.2.2.чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

7.2.3.Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;

7.2.4.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;

7.2.5.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

7.3.Цэцийн гишүүнээр томилогдсоноос хойш төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

8 дугаар зүйл.Цэцийн гишүүний тангараг

8.1.Цэцийн гишүүн томилогдсон өдрөөсөө хойш ажлын таван өдрийн дотор “Үндсэн хуулийн цэцийн гишүүн би Монгол Улсын Үндсэн хуулийг чин үнэнчээр хамгаалж, маргааныг гагцхүү Үндсэн хуульд захирагдан төвийг сахиж, хараат бус, шударгаар хянан шийдвэрлэж, Цэцийн гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая” гэж Цэцийн хуралдааны танхимд Үндсэн хуульд тангараг өргөнө.

8.2.Цэцийн гишүүний тангараг өргөх журмыг Цэцийн нийт гишүүний хуралдаанаар тогтооно.

9 дүгээр зүйл.Цэцийн нийт гишүүний хуралдаан

9.1.Цэцийн нийт гишүүний хуралдаан /цаашид “Нийт гишүүний хуралдаан” гэх/ дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

9.1.1.Цэцийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;

9.1.2.Үндсэн хуулийн цэцийн дэг /цаашид “Дэг” гэх/-ийг батлах;

9.1.3.Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх;

9.1.4.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох, энэ тухай шийдвэрээ Улсын Их Хуралд хүргүүлэх;

9.1.5.Цэцийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;

9.1.6.Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санал болгосон асуудал.

9.2.Нийт гишүүний хуралдаанаар дараах асуудалтай танилцаж, шаардлагатай бол санал өгнө:

9.2.1.Цэцийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн саналыг хүргүүлэхээс нь өмнө танилцах, саналаа Цэцийн даргад уламжлах, төсвийн гүйцэтгэлтэй танилцах;

9.2.2.Цэцийн ажлын албаны даргыг томилох, чөлөөлөхөөс өмнө урьдчилан танилцах, саналаа Цэцийн даргад уламжлах;

9.2.3.Ажлын албаны үйл ажиллагааны тайлантай танилцах, мэдээлэл сонсох;

9.2.4.Цэцийн эрх зүйн байдал, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;

9.2.5.Цэцийн үйл ажиллагаатай холбоотой, Дэгээр тогтоосон бусад асуудал.

9.3.Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанд оролцож саналаа өгөх үүрэгтэй бөгөөд хуралдаанд долоогоос доошгүй гишүүн оролцсон бол хүчинтэйд тооцно.

9.4.Нийт гишүүний хуралдааныг Цэцийн дарга даргална. Цэцийн дарга түр эзгүй байгаа эсхүл энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан асуудалд Цэцийн даргатай холбогдсон бол Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан гишүүн Нийт гишүүний хуралдааныг даргална.

9.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлаа шийдвэрлэнэ.

9.6.Нийт гишүүний хуралдаан хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана.

9.7.Нийт гишүүний хуралдааны тэмдэглэлийг хөтлөн баримтжуулж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд[2] заасны дагуу хадгална.

9.8.Нийт гишүүний хуралдаан ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хуралдааныг энэ хуульд заасан үндэслэлийн дагуу тогтоосон хугацаанд нь, эсхүл Цэцийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь, эсхүл Цэцийн даргын саналаар хуралдуулна.

9.9.Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэх асуудалтай гурваас доошгүй ажлын өдрийн өмнө урьдчилан танилцаж, хуралдаанд оролцох, санал гаргах, санал өгөх, хуралдааны тэмдэглэлтэй танилцах тэгш боломжоор хангагдана.

9.10.Нийт гишүүний хуралдааны журмыг Дэгээр зохицуулна.

10 дугаар зүйл.Цэцийн дарга, түүний бүрэн эрх

10.1.Цэцийн даргыг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.

10.2.Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол 14 хоногийн дотор даргыг сонгоно.

10.3.Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан гишүүнийг Цэцийн даргаар сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр гишүүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.

10.4.Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.4.1.Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;

10.4.2.Нийт гишүүний хуралдааныг хуралдуулах, даргалах;

10.4.3.төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн бие даасан, гишүүний хараат бус байдлыг сахин хамгаалах;

 10.4.4.Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

 10.4.5.хуульд заасан бусад.

          10.5.Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.

10.6.Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.

10.7.Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан гишүүн даргын үүргийг Цэцийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй хүрээнд түр орлон гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд Цэцийн дарга шийдвэр гарган түр орлон гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг нь тогтоож болно.

Тайлбар: Энэ зүйлд заасан “Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан” гэдгийг Цэцийн гишүүнээр томилогдсон өдрөөс эхэлж тооцох бөгөөд хэрэв Цэцийн гишүүд нэг өдөр томилогдсон бол эдгээрээс хамгийн ахмадыг нь ойлгоно.

Энэ зүйлд заасан “нийт гишүүний олонх” гэж Цэцийн таваас доошгүй гишүүнийг ойлгоно.

11 дүгээр зүйл.Цэцийн ажлын алба 

11.1.Цэц нь Цэцийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, аюулгүй явуулах, ажиллах нөхцөлөөр хангах, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэшсэн ажлын албатай байна.

11.2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг шаардлага хангасан эсэхийг нягтлан үзэх чиг үүрэг бүхий Ерөнхий бүртгэгч, мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий бүртгэгч ажиллана.

11.3.Ерөнхий бүртгэгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх бөгөөд бүртгэгч хууль зүйн дээд боловсролтой байна.

11.4.Цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий судалгааны төв, номын сан, тусгай архив болон зохион байгуулалтын бусад нэгж ажиллана.

12 дугаар зүйл.Цэцийн гишүүний туслах, судлаач

12.1.Цэцийн гишүүн туслахтай байна.

12.2.Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх чиг үүрэг бүхий судлаачтай байна.

 

12.3.Цэцийн гишүүний туслах, судлаачийг томилох, чөлөөлөхөд тухайн гишүүний саналыг үндэслэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦЭЦИЙН БИЕ ДААСАН, ТҮҮНИЙ ГИШҮҮНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ

13 дугаар зүйл.Цэцийн гишүүний хараат бус байдал

13.1.Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байна.

13.2.Цэцийн дарга, гишүүн бусад гишүүний хараат бус байдалд халдахыг хориглоно.

13.3.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно.

13.4.Цэцийн гишүүн нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдах ажлын байр, унаа, холбооны, мэдээллийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж, хамгаалалтаар хангагдана.

13.5.Цэцийн гишүүний амь бие, орон байр, захидал харилцаа болон энэ хуулийн 13.4-т заасан ажлын байр, унаа, техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж халдашгүй байна.

13.6.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.

13.7.Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн зөвшөөрөлгүйгээр түүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг нь хураан авахыг хориглоно.

13.8.Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.

13.9.Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

13.10.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй тохиолдолд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний бүрэн эрх нь дуусгавар болсны дараа маргаан хянан шийдвэрлэж байх үедээ илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө аливаа хариуцлагад татахыг хориглоно.

14 дүгээр зүйл.Нөлөөллийн мэдүүлэг

14.1.Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, эс үйлдэхүйг тэмдэглэн баталгаажуулах зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

14.2.Нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар маргаан үүсгэсэн даруйд тухайн маргааны оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.

14.3.Цэцийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бол маргааны материалд хавсаргаж, хувийг Цэцийн даргад хүргүүлнэ.

14.4.Цэцийн дарга нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар зохих байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

14.5.Энэ хуулийн 14.4-д заасны дагуу шилжүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн Цэцийн гишүүн болон Цэцийн даргад хариу мэдэгдэнэ.

14.6.Ажлын алба энэ хуулийн 14.5-д заасны дагуу ирүүлсэн шийдвэрийг тухай бүр нийтэд мэдээлнэ.

15 дугаар зүйл.Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа

15.1.Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.

15.2.Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, докторын зэргийн, профессор цолны нэмэгдлээс бүрдэнэ.

15.3.Цэцийн гишүүний цалин хөлсний хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг цалин хөлсний хэмжээг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй.

15.4.Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.

15.5.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх нэг жилийн хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс олгоно.

15.6.Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний өндөр насны тэтгэврийг тогтооход тэтгэвэр тогтоох үеийн Цэцийн гишүүний цалин хөлсний 60-аас доошгүй хувиар бодож олгоно.

15.7.Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулна.

15.8.Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:

15.8.1.Цэцийн гишүүн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр Цэцийн гишүүний гэр бүлд олгох;

15.8.2.Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;

15.8.3.Цэцийн гишүүний эрүүл мэндэд хохирол учирсан нь түүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.

15.9.Энэ хуулийн 15.8-т заасан даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.

15.10.Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг сар бүр олгоно.

15.11.Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд тухайн гишүүний авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.

15.12.Цэцийн гишүүний тэтгэвэртэй холбогдсон харилцаа болон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар зохицуулна.

15.14.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл Цэцийн гишүүний сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож, нэг удаагийн тэтгэмж олгоно.

16 дугаар зүйл.Цэцийн бие даасан байдал

16.1.Цэцийн бүрэн эрх, бие даасан байдалд хэн ч халдаж үл болно.

16.2.Цэц аливаа байгууллага, албан тушаалтнаас бие даасан байж, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлөөр хангагдана.

16.3.Цэцийн бие даасан, түүний гишүүний хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.

16.4.Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

16.5.Цэцийн бэлгэдэл, оноосон нэртэй адил хэлбэр, агуулгатай бэлгэдэл, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

16.6.Цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангасан, иргэдийг хүлээн авах болон хуралдааны танхим бүхий өөрийн байртай байна.

16.7.Цэцийн байрны аюулгүй байдлыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцна.

16.8.Цэц, түүний гишүүний болон хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хуралдааны дэг сахиулах үүргийг төрийн тусгай хамгаалалтын байгууллага гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг Цэцийн дарга, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга хамтран батална.

17 дугаар зүйл.Цэцийн төсөв, санхүүгийн баталгаа

17.1.Цэц бие даасан төсөвтэй байх бөгөөд төсөв нь үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байна.

17.2.Цэцийн төсвийг Цэцийн даргын санал болгосноор Улсын Их Хурал батална.

17.3.Цэцийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална.

17.4.Цэцийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА

18 дугаар зүйл.Цэцийн гишүүнд хориглох зүйл

18.1.Цэцийн гишүүнд дараах зүйлийг хориглоно:

18.1.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах, албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор ашиглах;

18.1.2.Цэцэд хянан шийдвэрлэж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг нийтэд урьдчилан илэрхийлэх, зөвлөгөө өгөх;

18.1.3.өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөнөөс бусад тохиолдолд шүүхэд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох, бусдыг төлөөлөх;

18.1.4.багшлах болон судалгааны ажил гүйцэтгэхээс бусад албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;

18.1.5.улс төрийн, бизнес, худалдааны, эсхүл хараат бус, төвийг сахих байдалд нь харшлах бусад үйл ажиллагаа эрхлэх, оролцох.

18.1.6.өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг хангах зорилгоор албан тушаалын нэр хүндийг урвуулан ашиглах;

18.1.7.гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан маргааны оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах;

18.1.8.өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах;

18.1.9.маргааны оролцогч болон бусад этгээдтэй Цэцийн нэр хүнд, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох харилцаа тогтоох;

18.1.10.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх;

18.1.11.хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа Цэцийн болон түүний гишүүний нэр хүндэд харшилсан, эсхүл Цэцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах;

18.1.12.шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах;

18.1.13.Цэцийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх;

18.1.14.улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;

18.1.15.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах;

18.1.16.ажил хаялт болон Цэцийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

18.1.17.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих.

19 дүгээр зүйл.Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

19.1.Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ.

19.2.Нийт гишүүний хуралдаан энэ хуулийн 19.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

19.3.Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанд оролцох, үг хэлэх, санал хураалтад санал өгөх, холбогдох баримттай танилцах, тайлбар, баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Уг хуралдаанд Улсын ерөнхий прокурор саналаа үндэслэлийн хамт амаар танилцуулна.

19.4.Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 19.1-д заасан саналыг үндэслэлтэй гэж үзсэн бол Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

19.5.Энэ хуулийн 19.4-т заасны дагуу бүрэн эрх нь түдгэлзүүлсэн хугацаанд тухайн гишүүний цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно.

19.6.Нийт гишүүний хуралдааны шийдвэргүйгээр Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно.

20 дугаар зүйл.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах

20.1.Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол анх илгээсэн байгууллага нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай саналаа үндэслэл, баримтын хамт Цэцэд хүргүүлнэ.

20.2.Цэц энэ хуулийн 20.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэж, Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

20.3.Эгүүлэн татах эсэхийг нь хэлэлцэж байгаа Цэцийн гишүүн Нийт гишүүний хуралдаанд оролцох, үг хэлэх, санал хураалтад санал өгөх, холбогдох баримттай танилцах, тайлбар, баримт гаргаж өгөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Уг хуралдаанд анх илгээсэн байгууллагын төлөөлөгч саналаа үндэслэлийн хамт амаар танилцуулна.

20.4.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай Цэцийн шийдвэрийг Нийт гишүүний хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана.

20.5.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй тухай Цэцийн шийдвэрийг энэ хуулийн 20.4-т заасны дагуу гаргасан бол ажлын таван өдрийн дотор уг шийдвэрийг анх илгээсэн байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлнэ.

20.6.Энэ хуулийн 20.5-д заасныд дагуу Цэцийн шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд Улсын Их Хурал Цэцийн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

20.7.Энэ хуульд заасны дагуу гарсан Цэцийн шийдвэргүйгээр Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг хориглоно.

Тайлбар:Энэ зүйлд заасан “анх илгээсэн байгууллага” гэдэгт энэ хуулийн 6 дугаар зүйлийн дагуу Цэцийн тухайн гишүүнийг санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтныг ойлгоно.

21 дүгээр зүйл.Тамга, хэвлэмэл хуудас, бэлгэдэл

21.1.Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, хэвлэмэл хуудастай байна.

21.2.Цэц өөрийн бэлгэ тэмдэг, Цэцийн гишүүн өмсгөл, энгэрийн тэмдэгтэй байх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Дэгээр зохицуулна. 

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

22 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

22.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22.2.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22.3.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, эсхүл бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарсан бол энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

23.1.Энэ хуулийг 2025 оны … дугаар сарын … -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт хэвлэгдсэн.

[2] Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 29 дугаарт нийтлэгдсэн.